Tuesday, September 29, 2009

Тэнгэр шиг бай

Тэнгэр шиг бай
Хамаг бүгд чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч , дуугүй дүнсийх

Тэврээд бүгдээрээ чамайг үнсэвч
Тэнгэр шиг бай аниргүй мэлтийх
Тэвчээр барагдаж нөхөд орхивч
Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсонч
Хан тэнгэр нурчхаагүй байхад бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хүрхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нирвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Яг амьдрал чинь дуусаж явах замгүй болсон ч
Яадгаа алдалгүй хүлээ
Тэнгэр шиг бай
Яруухан санаа мөхөсдөж хулгай зэлгийнд өртсөн ч
Ядмаг амьтадыг бүү тоо тэнгэр шиг бай
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмхэлдэг юм
Ноёд болохоос нь өмнө хүмүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид тайванхыг
Сандарж тэвдэж хэрэггүй тэнгэр шиг бай
Салхи цагаа болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтадын зиндаанд бүү уна
Гаднаа ямагт бусдад дорд бай даруу бай
Гайхуулах хэрэггүй дотроо тэнгэр мэт агуу бай

No comments:

Post a Comment